Хөтлөх дугуйд ирж буй ачааллаас хамаарч хөдөлгүүрийн хэмнэлттэй горимыг ханган эсэргүүцлийг давах зохистой харьцааг бий болгох зориулалттай тусгай механизмыг хурдны хайрцаг гэнэ. Зориулалт: 1. Хүч дамжуулах ангийг хөдөлгүүрээс удаан хугацаагаар тусгаарлах 2. Хөдөлгүүрийн моментийг өсгөх. Хөдөлгүүрийн эсэргүүцэлээс хамаарж тухайн төрлийн автамашинд тохиромжтой байхаар мушгих моментийг зохицуулна. /Түлш бага зарцуулдаг, хурд их байх/ 3. Автомашиныг ухраах 4. Тусгай төхөөрөмжүүдийг залгаж ажиллуулах Ангилал 1. Механик. 4-5 шатлалтай. 6 шатлалаас илүү бол хүн удирдахад хэцүү. 2. Шингэнт механик. Механик хурдны хайрцагт шаталсан араат дамжуулгыг ашиглана. Шингэнт механик хурдны хайрцагт ажлын биеийн шингэн бөгөөд бас хөдөлгөөнтэй гол бүхий араанууд механик хэсэгтэй хавсран ажилладаг юм. Шатлалын тоо олон байх нь хөдөлгөөний горим сонгоход сайн боловч хурдны хайрцгийг тун төвөгтэй болгодог. Араат дамжуулга нь их төлөв мушгих моментыг өсгөх, түүний хэрээр эргэлтийн өнцөг хурд буюу минутанд эргэх тоог бууруулдаг ба харин дамжуулж буй чадал өөрчлөгддөггүй. Иймд хурдны хайрцагны гол үзүүлэлтийн нэг бол шатлал бүрийн дамжуулгын тоо байдаг. Автомашин нь хамгийн дээд араагаараа (4 юмуу 5) нийт замын 60 – 70%-ийг явдаг. Хурдны хайрцаганд Gearoil, ТАП-15, ТАД-10 тос хэрэглэнэ. Хурдны хайрцагны тосыг юүлэх бөглөө тэвшний ёроолд байх ба түүнийг соронзонтой хийснээр тосонд орсон металын хольцыг өөртөө татан элэгдэлийн бүтээгдэхүүнийг зайлуулахад ашиглана.. Синхронизатор - Хурдны хайрцагны аль ч арааг залгах, салгах явдал нь түүний эдэлгээнд ихээхэн ач холбогдолтой. Үүнд тавих үндсэн шаардлага нь араануудыг дуу шуугиангүй, ямар ч цохилтгүйгээр залгах явдал юм. Арааг сэлгүүлж залгах хамгийн зохистой нөхцөл бол залгагдаж байгаа араануудын шүднүүдийн шугаман хурд адил байх ёстой. Араануудыг хооронд нь залгахын өмнө шугаман хурдыг тэнцүүлж дуугүй, улмаар элэгдэл багатай залгах нөхцлийг хангах төхөөрөмжийг синхронизатор гэнэ.
|